Ren

“Ren” гэрийн үүд хэсгийн тавилга, чимэглэлийн коллекц “Neri & Hu”-ийн судалгаанаас төржээ. Чанар, хэрэглээг төгс хослуулсан тус коллекц гэрийн угтах хэсгийн мөн чанарыг тодорхойлно. Мод, гууль, цэвэр арьсаар урласан “Ren”-ийн цуглуулгад хананд тогтоодог толь, босоо тольтой хувцасны өлгүүр, ханын тольтой ширээ, явган ширээ, хувцасны босоо өлгүүр зэрэг багтдаг. Хэлбэр дүрс, ур хийцээрээ онцгойрдог “Poltrona Frau” зочдод гоо зүйн таашаалыг мэдрүүлэх болно.

“Neri & Hu” эдгээр тавилгуудын суурийг зохион бүтээхдээ “хүн” гэсэн утгыг илэрхийлдэг “ren” гэсэн хятад ханзнаас санаа авчээ. Минимал хэв маяг, нарийн хийц, нэмэлт чимэглэлүүд нь зөвхөн танд зориулан урласан мэт санагдуулна. Цуглуулгын бүх тавилгыг зочны өрөө, унтлагын өрөө, угаалгын өрөө, хичээлийн өрөө гэх мэт гэрийн аль ч хэсэгт байрлуулах боломжтой. “Ren Collection”-ийг амьдрах орон зайг тав тухтай байлгах, хувийн орон зайг бүрдүүлэх зорилгоор бүтээжээ. Тавилга бүрт ижил элементийг өөр байдлаар шигтгэсэн аж. Тулгуур хүрээг хушганы цул модоор, хавтгай гадаргыг хус модны фанераар хийж, Saddle Extra нэрийн цэвэр арьсаар бүрж, хажуу хэсгүүдийг хушганы модон хуулгаар өнгөлжээ. Толины хүрээг зэсээр эмжиж, арьсаар бүрсэн бөгөөд арыг нь хус модоор доторлож, хушганы модоор өнгөлжээ. Толь, тавиуруудыг тогтоохдоо элэгдэхээс хамгаалж гуулиар бүрсэн ган дэгээ ашигласан. Харин тольтой ширээний хувьд Saddle Extra нэрийн арьсаар тавцангийн дээд, доод талыг битүү бүржээ. Ширээн дээр дугуй толь, түлхүүрийн тавиур нэмж өгснөөр олон үүрэгтэй болгосон аж.

Хувцасны босоо өлгүүрийн хувьд доод хэсэгтээ жижиг тавцантай бөгөөд хус модон өлгүүрийг хушганы модон хуулгаар өнгөлж булангуудыг нь Saddle Extra арьсаар бүржээ. Өлгүүр, түлхүүрийн тавиурыг дүүжин маягаар тогтоосон нь жин, тэнцвэрийг хангасан хээнцэр загвар бүрдүүлсэн юм. Харин жижиг ширээний хувьд хус модны фанер давхарлаж, хушганы модон хуулгаар өнгөлсөн дугуй тавцантай, гуулин ирмэгтэй, суурийн хэсгийг Saddle брэнд арьсаар бүрсэн байна. Мөн өрөө хооронд зөөвөрлөхөд зориулсан хөндлөн модон бариултай. Тольтой босоо өлгүүр нь тавцан, зууван толь, гуулиар бүрсэн хос ган өлгүүрээс бүрдэнэ. Харин хананд тогтоодог, тольтой өлгүүрийн гол модыг хушганы цул модоор урлаж, дугуй толь, түлхүүрийн тавиур, хос ган өлгүүр оруулж өгөв. Ширээний жижиг толь нь хос хэрээсэн тулгуур дээр тогтоосон ганц дугуй толиноос бүрдэнэ (310 мм диаметртэй). Толины хүрээг Cuoio Saddle Extra нэрийн арьсаар бүрж, хүрээний дотор талыг гуулиар эмжжээ.